Амазоны танилцуулсан онцлох 8 бүтээгдэхүүн: Ухаалаг бөгж, нүдний шил...

Өчигдөр буюу есдүгээр сарын 25-ны өдөр Амазон АНУ-ын Сиэттл хотноо уламжлалт арга хэмжээгээ зохион байгуулан нийт 15 төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээг шинээр танилцууллаа.

Үүнд ухаалаг туслагчтай бөгж, нүдний шил, тэжээвэр амьтан хянагч, ухаалаг богино долгионы зуух зэрэг сонирхолтой бүтээгдэхүүнүүд багтсан юм.

Хэдийгээр бүтээгдэхүүн бүр өөр, өөрийн зориулалттай ч тэд бүрд Амазоны хөгжүүлсэн, дуу хоолойгоор удирддаг Alexa туслагч суурилжээ. Үүнээс Амазон уг туслахаа хүн бүрийн өдөр тутмын хэрэглээнд нэвтрүүлэх зорилготой байгааг харж болно.

Тэгвэл уг арга хэмжээнээс онцлох 8 бүтээгдэхүүнийг танилцуулъя.

Echo Studio

Мэргэжлийн чанга яригчийн түвшний дуугаралттай Echo studio. Уг ухаалаг чанга яригч нь 3D Audio, Dolby Atmos зэрэг технологийг дэмждэг байна.

Худалдаанд гарах өдөр: 11-р сарын 7

Үнэ: 199.99 ам.доллар

Echo Show 8

Энгийн үед жаазтай зураг мэт харагдах уг дэлгэц нь Амазоны Alexa туслах, камер зэргээр тоноглогдсон учир олон төрлөөр ашиглах боломжтой. 

Худалдаанд гарах өдөр: 11-р сарын 21

Үнэ: 129.99 ам.доллар

Echo Speaker 

Гуравдугаар үеийн Echo Speaker өмнөх загвараасаа дуугаралтын чанар болон өнгөний сонголтоороо онцлог болжээ. Хэрэглэгч өөрийн сонирхолд тааруулан нийт 4 өнгөнөөс сонгох боломжтой.

Худалдаанд гарах өдөр: 10-р сарын 16

Үнэ: 99.99 ам.доллар

Echo Dot

Амазоны Alexa туслагчийг агуулсан хамгийн жижиг хэмжээтэй чанга яригч болох Echo Dot шинэчлэгдэж хажуудаа LED дэлгэцтэй болжээ. Уг дэлгэц нь цаг, температур, сэрүүлэг зэргийг харуулж чадах гэнэ. 

Худалдаанд гарах өдөр: 10-р сарын 16

Үнэ: 59.99 ам.доллар

Echo Flex

Echo Flex бол Alexa-ийн цар хүрээг тэлэхэд туслах бүтээгдэхүүн юм. Уг чанга яригч нь доод хэсэгтээ USB оролттой бөгөөд Амазоны зүгээс энэхүү оролтод зориулсан хөдөлгөөн мэдрэгч, шөнийн гэрэл гэсэн хоёр дагавар бүтээгдэхүүнийг зарлажээ. Ирээдүйд Echo Flex-д зориулсан илүү олон дагавар бүтээгдэхүүн нэмэх мөн хөгжүүлэгчдэд өөрийн бүтээгдэхүүнээ холбох боломжийг олгох юм байна.

Худалдаанд гарах өдөр: 11-р сарын 14

Үнэ: 24.99 ам.доллар

Echo Buds

Утасгүй чихэвч олны хэрэглээнд нэвтэрч буй энэ цаг үед Амазон ч мөн утасгүй чихэвчээ танилцууллаа. Уг чихэвч гадна орчны дуунаас тусгаарлаж чадахаас гадна эсрэгээрээ чихэвчийг зүүж байсан ч гэсэн гадна орчны дууг сонсох боломжийг хэрэглэгчдэд олгох аж. Мөн Амазоны Alexa, Apple-ийн Siri, Goolge-ийн Assistant гэсэн томоохон ухаалаг туслагчдыг дэмжих юм байна.

Худалдаанд гарах өдөр: 10-р сарын 30

Үнэ: 129.99 ам.доллар

Echo Frames

Уг ухаалаг нүдний шил нь одоогоор нээлттэй худалдаанд гараагүй байгаа юм. Ямартай ч бусад ухаалаг шилтэй харьцуулахад илүү энгийн бөгөөд ямар нэг камер, дэлгэц зэргийг агуулдаггүй аж. Үүний гол зорилго нь Alexa туслахыг хүссэн үедээ ашиглах боломжийг бүрдүүлэх юм байна. 

Худалдаанд гарах өдөр: Урилгаар

Үнэ: 179.99 ам.доллар

Echo Loop

Энэхүү бөгжийг Echo Frames нүдний шилний адилаар хүссэн хүн бүр худалдан авах боломжгүй. Зөвхөн тусгай урилгатай хүмүүс л авч болох гэнэ. Хэрэглэгч тус бөгжин дээр байх товч дээр дарснаар Alexa ухаалаг туслагчтай харьцаж болно. Мөн энэхүү бөгжийг ашиглан утсаар ярьж болох ажээ.

Худалдаанд гарах өдөр: Урилгаар

Үнэ: 129.99 ам.доллар

Эх сурвалж: Gogo.mn