Египетийн цөлд “амьд“ барилгууд сүндэрлэнэ

Египетийн цөлд анх удаа Африк тивийн ширэнгэн ой ургах нөхцөл бүрджээ. Тодруулбал, Каираас зүүн зүгт баригдаж буй Египетийн засаг захиргааны шинэ нийслэлд бохирдол шингээдэг мод, ургамлаар бүрхэгдсэн барилга барихаар болсон байна. 

Италийн архитектор, хот төлөвлөгч Стефано Боери, Египетийн дизайнер Шимаа Шалаш, Италийн ландшафт архитектор Лаура Гатти нар хамтран тус барилгын зураг төслийг гаргаж, барилгын эхний загварыг танилцуулжээ. 

Энэхүү барилга нь долоон давхар, шоо дөрвөлжин хэлбэртэй байх агаад гадна талаараа нийтдээ 350 гаруй мод, 100 гаруй төрлийн 14 мянга орчим бут, сөөгтэй байх гэнэ. Одоогийн байдлаар амьд ургамалтай гурван ч барилга барих шийдвэр гарч, нэгийг нь зочид буудал, хоёрыг нь орон сууцны зориулалтаар ашиглахаар болоод байна. 

Ингэснээр олон мянган ам.метр талбайг эзлэх ногоон байгууламжийг ердөө хэдхэн зуун ам.метр талбайд багтаахын зэрэгцээ олон төрлийн шувуу, шавьжийн амьдрах орчныг бий болгоно гэж хот төлөвлөгч Стефано Боери ярьжээ. Түүнчлэн байгууламжийг бүрхсэн мод, бут, сөөг нь нүүрстөрөгчийн давхар ислийг шингээж, хүчилтөрөгч ялгаруулж, агаараас тоосыг шүүх зэрэг олон талын ач холбогдолтой гэжээ.

Египетийн одоогийн нийслэл Каир хотын оршин суугчдын даац хэтэрсэн, агаарын бохирдол, замын түгжрэл нэмэгдсэн учир ийнхүү нийслэлийн зүүн хэсэгт засаг захиргааны шинэ нийслэлээ барьж эхлээд байгаа аж. 

Дашрамд дурдахад, Стефано Боери Хятадын "Лючжоу ойн хот”-ын төсөл дээр давхар ажиллаж байгаа гэнэ. Тус ойн хот нь нийт 40 мянган мод, нэг сая гаруй ургамалтай байх бөгөөд жилд 10 мянган тонн нүүрстөрөгчийн давхар исэл, 57 тонн бохирдуулагчийг өөртөө шингээж авахаас гадна 900 орчим тонн хүчилтөрөгч ялгаруулна гэсэн тооцоо гарчээ. 

Сингапур, Австрали, Нидерланд зэрэг улсуудад ч үүнтэй адил "амьд" барилгууд баригдаж эхлээд байна. 

Эх сурвалж: We Forum