Ногоон эрчим хүч нүүрсний зах зээлийг шахсаар

Дэлхийн даац 0.7 хувиар хэтрээд буй. Өөрөөр хэлбэл, 7.3 тэрбум хүнд дахин нэг дэлхий байсан бол аль хэдийн 70 хувийг нь ашиглачихсан гэсэн үг. Тэр бүү хэл дэлхийн бүх хүн австрали, америкчууд шиг амьдардаг байсан бол долоон дэлхий шаардлагатай гэж ногоон эдийн засагчид ёжилдог. Байгалийн нөөцийг шавхаж, хүлэмжийн хийг үүсгэдэг гол салбар бол эрчим хүч. Тиймээс “ногоон эрчим хүч” буюу нар, салхи, ус ашиглан сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэн, хэрэглээний ихэнх хувиа хангахыг улс орнууд хөгжлийн бодлогодоо тусгаад буй. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд нэн түрүүнд нүүрсээр ажилладаг цахилгаан станцуудаас татгалзах бодлого барьж байна.

АНУ-д сонгогчдын 96 хувь нь уур амьсгалын өөрчлөлтөд сэтгэл зовдгоо илэрхийлсэн бол их Британи 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх амлалт өгчихөөд байна.

АЗИЙН ДӨРВӨН ТОМ БАНК НҮҮРСНИЙ ЦАХИЛГААН СТАНЦАД ХӨРӨНГӨ ОРУУЛАХААС ТАТГАЛЗЛАА

Түүнчлэн Өмнөд Африкийн Засгийн газрыг нүүрсний цахилгаан станц болон боловсруулах үйлдвэрүүдээс ялгарах хүхрийн давхар ислийн зөвшөөрөгдөх хэмжээг хоёр дахин ихэсгэх шийдвэр гаргасан гэж Groundwork ТББ шүүхэд өгөв.

Саяхан E3G судалгааны байгууллагаас хөгжиж буй таван орны иргэдийн дунд эрчим хүчний шийдлийн талаар тандалт явууллаа. Судалгаанд оролцсон Вьетнам, Индонез, Пакистан зэрэг улсын иргэдийн 65-80 хувь нь сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэлд гадны хөрөнгө оруулалтыг зарцуулах нь зүйтэй гэж үзсэн аж. Тэр дундаа эдийн засгийн үзүүлэлтээрээ Монголтой хамгийн ойр Индонез улсын иргэдийн 64 хувь нь сэргээгдэх эрчим хүчийг, 26 хувь нь нүүрсний цахилгаан станцыг сонгосон байна. E3G судалгааны байгууллагын захирал Ник Маби “Гадаадын хөрөнгө оруулагчид тухайн улсын хүсэлтийн дагуу л нүүрсэнд хөрөнгө оруулдаг” гэж энэхүү ажлаа дүгнэв. Тэгэхээр хөгжлийг хөтлөгч нь улс орны удирдлагууд, хөрөнгө оруулагч нар биш, харин иргэд өөрсдөө юм гэдгийг дэвшүүлэн тавьжээ.

Сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн өсөлтийн бараг гуравны хоёр хувийг Ази тив эзэлдэг. Он гарсаар Азийн дөрвөн том банк нүүрсний цахилгаан станцын төсөлд хөрөнгө оруулахаас татгалзлаа. Дэлхийн нүүрсний нөөцийн бараг тэн хагасыг дангаараа хэрэглэдэг Хятад, агаарын бохирдлоос ангижрах төлөвлөгөөг сонгуулийн мөрийн хөтөлбөртөө оруулахад хүрсэн Энэтхэг улсууд нүүрсний цахилгаан станцын 100 гаруй төслийг царцаагаад байна. ОХУ ч сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлээ арав орчим хувиар нэмэгдүүлэхэд 15 тэрбум ам.доллар зарцуулахаа мэдэгдээд байна.

ОЛОН УЛСЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТ ЭНЭ САЛБАРТ ЦУТГАДАГ

Тэгвэл Монгол улс хөгжлийн бодлогодоо тусгасан сэргээгдэх эрчим хүчний зорилгоо хэрхэн хэрэгжүүлж байна вэ.

2020 он гэхэд эрчим хүчний нийт хэрэглээнийхээ 20 хувийг сэргээгдэх эх үүсвэрээр хангаж, 2030 онд үүнийгээ 30 хувьд хүргэх зорилго тавьсан юм. Манай улс таван жилийн өмнө эрчим хүчний хэрэглээнийхээ долоон хувийг нар, усан цахилгаан станцаар хангадаг байсан бол өнөөдөр 20 гаруй хувьтай болсныг НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн үндэсний зохицуулагч З.Батжаргал мэдэгдсэн.

Ингэж сэргээгдэх эрчим хүчний өсөлтийг хангасан шалтгаан нь олон улсын байгууллагуудын хөнгөлөлттэй зээл, тусламжийн хөрөнгө оруулалт Монгол руу цутгасантай холбоотой.

СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ӨСӨЛТИЙН ГУРАВНЫ ХОЁР ХУВИЙГ АЗИ ТИВ ЭЗЭЛДЭГ

Тухайлбал, НҮБ-ын ивээл дор 2010 онд байгуулсан Уур амьсгалын конвенцид нэгдсэн 194 орны хамтарсан сан болох GCF буюу Green Climate Fund-аас  Хас банкаар дамжуулан нар, салхины эрчим хүчний төслүүдэд хөнгөлөлттэй зээл олгодог. Мөн Clean Development Mechanism буюу Цэвэр хөгжлийн сангаас Монгол дахь сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд зээл, тусламж үзүүлсээр байна. Түүнчлэн Японы Засгийн газрын Joint Credit Mechanism буюу “Хамтарсан Кредит олгох Механизм”-аас энэ төрлийн хөнгөлөлттэй зээл олгодог. Эдгээр хөрөнгө оруулалтын үр дүнд Дарханд нарны панелиуд зоож, Дорноговь, Төв аймагт салхин парк байгуулан, орон нутагт усан цахилгаан станцууд баригдсаар байна.

ГЭР ХОРООЛЛЫГ УТААГҮЙ ЭРЧИМ ХҮЧЭЭР ХАНГАЖ БОЛНО

50МВт хүчин чадалтай салхин цахилгаан станц барихад ойролцоогоор 170 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт шаардлагатай. Харин байгаль орчинд ээлтэй байдал, хүлэмжийн хийг бууруулах экологийн ач холбогдлоороо зүйрлэшгүй үнэ цэнтэй бүтээн байгуулалт болдог. Тухайлбал, энэ хэмжээний эрчим хүчийг салхины эх үүсвэрээр гаргаж авбал 180 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулдаг аж.

Жилийн 270-300 хоногт нь нарлаг өдөр болдгоороо Сахарын цөлийн дараа хоёрдугаарт ордог Монгол улсад нарны дулааны цахилгаан станц байгуулахад нэн тохиромжтой. 2014 оны байдлаар манайд найман нарны цахилгаан станц байв. Одоо энэ тоо гурав дахин ихсэж, зарим сум, багийн төвийн цахилгаан хангамжид ашиглаж буй. Мөн малчин өрхүүд тэр чигээрээ нарны зайн хураагууртай болсон гэхэд хилсдэхгүй. Цаашид Улаанбаатар хотын гэр хорооллын өрхүүдэд ч нарны зай хураагуур ашиглах боломжийг бүрдүүлж өгвөл нүүрс- хүчлийн хийн ялгарлыг бууруулах боломжтой.

  • Индонез улсын иргэдийн 64 хувь нь сэргээгдэх эрчим хүчийг, 26 хувь нь нүүрсний цахилгаан станцыг сонгосон байна.
  • 50 Мвт эрчим хүчийг салхины эх үүсвэрээс гаргаж авбал 180 мянган тонн нүүрстөрөгчийн давхар ислийг бууруулдаг.
  • Нарны эрчим хүчийг өдрийн цагаар, төвийн эрчим хүчийг шөнийн цагаар ашигласнаар бүтэн өдрийн турш нүүрс шатаахгүйгээр гэрээ халаах боломжтой.

Нарны эрчим хүчийг өдрийн цагаар, төвийн эрчим хүчийг шөнийн цагаар ашигласнаар бүтэн өдрийн турш нүүрс шатаахгүйгээр гэрээ халаах боломжтой болно гэж Эрчим хүчний зохицуулах хороо үзэж байна.

1994 онд Монгол улсын усны бодлогын хүрээлэнгийнхэн 1 м3/сек-ээс дээш хэмжээний урсгалтай бүх голд 6400 МВт чадалтай цахилгаан станц байгуулвал жилдээ 56.2 сая МВт/цаг цахилгаан үйлдвэрлэх боломжтой гэсэн тооцоо гаргаж байв. Гэвч одоогоор энэ нөөцийн гурав хүрэхгүй хувийг л ашигладаг аж.

НҮБ-аас Цэвэр хөгжлийн механизм боловсруулж, Киотогийн конвенцид багтсан улсууд хөгжиж буй орнуудын сэргээгдэх эрчим хүчний төслийг худалдаж авдаг байхаар тусгасан. Монгол улсаас цэвэр хөгжлийн механизмд дөрвөн төсөл бүртгэгдсэнээс Дөргөн, Тайширын усан цахилгаан станцууд бууруулсан хүлэмжийн хийгээ Япон улсад худалдсан юм.

Хөгжингүй орнууд байгальд ээлтэй технологийн төлөө маш их хөрөнгө хаяж буй өнөө үед бидний өмнө хөгжлийн үүд цэлийтэл нээгдсэнийг зөвхөн эрчим хүчний салбарын эдгээр өөрчлөлтүүдээс харж болно. “Буянтай хүний бух нь тугална” гэдэгчлэн Монголын өргөн уудам талд сэнгэнэх салхи, цэлмэг тэнгэр, уулсын гол хүртэл эдийн засгийг дэмжсээр байна.

Эх сурвалж: gogo.mn