Б. Цэнгэл: Ногоон байгууламжинд тарих мод ургамлаа хэрхэн сонгох вэ?

МУИС, ХШУИС,ХБООИТэнхимийн Багш доктор, Дэд.профессор Б.Цэнгэлийн зөвлөгөөг хүргэж байна. 

Хүн өөрийн амьдардаг орчноо зүлэгжүүлэх, цэцэгжүүлэх, цэцэрлэгжүүлэх нь өөрсдийн эрүүл мэнд, оюун санаандаа хийж байгаа хөрөнгө оруулалт гэж ойлгох учиртай юм. Ургамал мод тарих нь хэн бүхний хийж чадах ажил хэдий ч богино хугацаанд хурдан ургуулахын тулд мэргэжлийн хүний заавар зөвлөгөө юунаас ч чухал юм.

Хот сууринг цэцэрлэгжүүлэх ажил хэтийн төлөвлгөө, зураг төслийн дагуу хийгдэх учиртай. Мод, бут, сөөг сонгохдоо дараахи зарчмыг баримтлах хэрэгтэй. Үүнд:

1. Түргэн ургадаг мод сөөг тарих. Чимэглэлийн ургамлын дийлэнх нь мөчрөөр үржих чадвартай байдаг болохоор мөчрөөр үржүүлсэн 2-4 настай суулгацыг сонговол ашигтай. Харин чимэглэлийн шилмүүст ургамлуудыг голдуу үрээр үржүүлсэн, 1-2 настай суулгацыг өргөн хэрэглэдэг. Зүлэгжүүлэх бол нэг наст, олон наст ургамлыг сонгох нь зүйтэй. Тэдгээрийг хөгжлийн зөв үе шатанд нь хайчилж бутлах чадварыг дээшлүүлж, ширэглэж ургах нөхцлийг нь хангах ёстой.

2. Хөрсний  бичил орчин бүрдүүлэх. Цэцэрлэгжүүлэх ажлын эцсийн үр дүн хөрсний үржил шим, түүний бичил орчноос шууд хамаарна. Өөрөөр хэлбэл, ямар ургамлыг ямар хөрсөнд таривал сайн ургах вэ? гэсэн хэрэг юм.

 Бидний мэдэх хар шороо, элс хоёр төдийлөн хангалттай биш. Ургамлын үндэсний амьдрах орчинд ямар бичил организмууд амьдарч харилцан ашигтай тохиромжтой орчинг бүрдүүлэх асуудал юм. Энэ байдлыг тооцож чаддаггүй учраас тарьсан мод бүр ургаж чаддаггүй юм. Мод үржүүлгийн талбайд сайн ургасан мөртлөө шилжүүлж тарихаар муу ургадаг. Энэ нь тарьсан газрын хөрсний бичил орчин таарахгүй байна гэсэн хэрэг.

3. Шилмүүст мод болон бусад тохиромжтой ургамал тарих. Шилмүүст мод нь бусад модлог ургамлуудын дотроос анхилам үнэр ялгаруулдаг онцлогтой. Тэр бодис нь агаарын бичил организмуудыг (ханиад томууны бактери, савханцрууд) устгадаг. Боломжтой бол мөнх ногоон шилмүүст ургамал, навчит бол навч нь олон өнгө үзүүлж чадах, бас үр тоос нь орчныг бохирдуулахгүй байх нөхцлийг тооцох хэрэгтэй. Эм улиасыг чимэглэлд ихээр хэрэглэснээс үүдэж 6-р сард түүний үр ихээхэн төвөг учруулдгийг санах хэрэгтэй. Чихэрлэг ургамал тарьвал шавьж хорхой ихээр цугларах тохиолдол бий. 

Цэцэрлэгжүүлэлтэнд тарих модыг сонгож авахдаа дараах шалгуур үзүүлэлтүүдийг анхаарах ёстой. Үүнд:

  • Насны байдал. Чимэглэлийн модлог ургамлууд олон наст ургамал юм. Тухайн сонгосон ургамал хэдэн жил насалж хэдий хэмжээний титэмтэй болохыг заавал харгалзаж үзэх нь чухал.
  • Өндөр. Чимэглэлийн модыг тарихдаа цаад байгууламжийн гоо үзэмжинд тохируулан өндөр намыг бодолцох учиртай. Тайралт хийдэггүй модыг хаана нь, тайрч хэлбэршүүлдэг модыг хаана тарихаа зөв байрлуулах хэрэгтэй болдог.
  • Титэм. Ургамал бүрийн газрын дээд хэсгийн хэлбэр дүрс өөр өөр байдаг. Цэцэрлэгийн ямар зориулалтаар байгуулж байгаагаас хамаарч титмийг бас янз бүрээр хэлбэржүүлж болдог.
  • Навч. Цэцэрлэгийн модыг шилмүүст навчтай (шинэс, гацуур, нарс, арц), илтэслэг буюу хавтгай навчтай (улиас, улиангар, бургас, хус) гэж ангилж болно.
  • Навчны өнгө хувиралт. Ургамлын навчны унах хугацаа өөр өөр байхын зэрэгцээ өнгө хувиралт аажим, олон өнгө үзүүлдэг юм.
  • Цэцэг. Ургамал бүрийн цэцэглэх хугацаа янз бүр байна. Бүйлс, гүйлс, сакура зэрэг ургамал навчлахаасаа өмнө цэцэглэдэг. Нохойн хошуу, монос зэрэг ургамлууд навчилсны дараа цэцэглэх жишээтэй. Мөн цэцгийн хэмжээ, байрлал, тоо өөр өөр байна. Бүйлс, монос зэрэг нь олон тооны жижигхэн цэцгүүдтэй байхад, нохойн хошуу олон тоотой том цэцэгтэй юм. Чимэглэлийн ургамлыг цэцгээрээ гоёдог, навчаараа гоёдог гэж ангилдаг.
  • Цэцэглэх үеийн үргэлжлэх хугацаа. Хавар эрт цэцэглэдэг, зуны турш цэцэглэдэг ургамлууд бий.
  • Холтосны өнгө. Модлог ургамлын холтос янз бүрийн өнгөтэй. Үүнийг бас чимэглэлийн явцад анхаарч үзүүштэй.
  • Үндэсний системийн байдал. Ямар ч ургамлын газрын дээд хэсэгтэй тэнцүү хэмжээний үндэсний систем байна гэдгийг ямагт санах хэрэгтэй. Тийм учраас ургамал тарих зайг тохируулах нь чухал. Бас улиас мэтийн ургамлууд үндсээрээ үрждэг. Байшин барилгад хэт ойрхон тарьвал гадар доорхи шугам сүлжээнд аюул учруулж болох юм.

Цэцэрлэгжүүлэлтийн мод бутыг тарьсан хэлбэрээс нь хамааруулж дараах байдлаар төрөл хэлбэр болгож болох юм. Жишээлбэл,

  1. Ганц нэгээр суулгасан модыг иш, титэм, навч зэргийг харгалзан сайхан навчтай, эсвэл шилмүүст модыг сонгож авах нь чухал.
  2. Цөөн мод буюу төгөлыг тарихдаа 2 буюу түүнээс дээш тоогоор том мод, сөөг, бут хэмээн титмийн ялгарлаар  дараалуулан сонгож тарина.
  3. Туж мод буюу шугуйг их хэмжээний талбайд зуу, мянгаар нь мод суулган ойжуулна. Энэ нь томоохон цэцэрлэгт хүрээлэн болно. Ихэвчлэн нэг төрлийн эсвэл олон төрлийн моддыг сонгоно.
  4. Зэллэсэн модыг зам эсвэл барилга байгууламжийн дэргэдүүр нэг эгнээгээр суулгана. Шинэс, хуш, нарс, гацуур, жодоо хус, улиас зэрэг өндөр ургадаг модод байх нь чухал.
  5. Таримал хашааг байгуулахдаа цэцэрлэг талбайг хүн амьтны хөлөөс тусгаарласан байдлаар хийх бөгөөд суулгасан ургамлыг танаж хэлбэржүүлэх эсвэл өөрийнх нь төрхөөр ургуулдаг.
  6. Эмжээрлэсэн сөөгийг тарихдаа замын хашлаганы гадна тал, зүлэгний захаар 0.5 метрээс өндөргүй намхан сөөг, сөөгөнцөр болох жижиг навчит харгана, боролзгоно, жигд зэргийг тарьж болно.
  7. Таримал хана бий болгохдоо ороонго, чөдөр өвсний төрлийн мөлхөө ургамлыг байшин барилгын хананд бэхлэгч, хэц тогтоон дагуулан ургуулна. Бас хээ хуар хэлбэрээр ургуулж ч болно.

Ногоон байгууламжийг төлөвлөж хэрэгжүүлэхдээ түүнээс хүний амьдрал, хотжилтын сөрөг нөлөөллөөс хамгаалах чиглэлд түлхүү анхаарч ажиллах хэрэгтэй.

Чимэглэлийн мод бут төрөл зүйлээсээ хамаарч зарим нэгэн бодисыг илүү шингээдэг өвөрмөц онцлогтой.

Ногоон байгууламжийг байгуулахдаа тухайн бүс нутгийн байгаль цаг уурын нөхцөл, хот төлөвлөлтийн нөхцөл байдалтай уялдуулах, өөрийн хашаа, байшингийн орчныг цэцэрлэгжүүлэх бол өөрсдийн хүсэл сонирхол, гоо сайхны таашаалд нийцүүлэхийг чухалд үзэх хэрэгтэй.

Хэрэв та цэцэг сонирхдог бол таны эргэн тойронд цаг үргэлж цэцэг дэлгэрч байхаар тооцож ургамлыг сонгох хэрэгтэй. Таны сууц, хашаа байшингийн орчим хавраас намар хүртэл цэцэг ээлжлэн дэлгэрч байна гэсэн хэрэг. Бас эрүүл мэнддээ тустай ургамлуудыг сонгож ч болно. Жишээлбэл далийн ягааны төгөл, хусан төгөл, моносны төглийг байгуулж болно.

Эх сурвалж: News.gogo.mn