Орон сууцны зайг ухаалаг ашиглах шилдэг шийдлүүдээс

Сүүлийн үед ихэнх орон сууцны талбай багасаж, үүнийгээ дагаад өрөөний интерьер, тавилганы чиг хандлага өөрчлөгдөж байна. 2019 онд олон үйлдэлт буюу хуурагддаг ухаалаг шийдэл, зай талбайг оновчтой ашигласан загваруудыг онцолж байгаа юм. Тиймээс м2 багатай орон сууцанд тавилгуудаа хэрхэн байрлуулж болохыг эдгээр шийдлүүдээс хараарай.

1. Энэхүү ухаалаг шийдлийг  “Batiik Studio” - ын дизайнерууд гаргасан бөгөөд жижиг шат бүрийг гутлын тавиур болгон ашиглаж, хажуу талын босоо хэсэгт хувцасны шүүгээ, гоо сайхны жижиг өрөө байхаар зохион байгуулсан байна. Орон зайг ялгаж харуулахын тулд гоёмсог хар хөх өнгийг цайвар шаргал өнгийн модон материалтай хослуулжээ.

2. Энэ бол “ICOSA” төслийн багын гаргасан модерн загвар. Орчин үеийн шийдэлтэй уг өрөөнд залуу хүмүүс амьдарвал илүү тохиромжтой. Дээд хэсэгт унтлаганы хэсгийг бий болгож доод хэсэгт гэрийн оффисын орон зайг шийдэж өгсөн байна. Мөн энэ өрөөнд хоолоо идэх, найз нөхөдтэйгээ ярилцаж суухад ч тохиромжтой юм.

3. 24м2 талбайд ажлын хэсэг, гал тогоо, унтлаганы өрөө, зочны хэсэг гэх мэт хэрэгцээт бүхий л орон зайг бий болгож, ухаалгаар шийдсэн байна. Энэхүү загвар нь Амстардам хотод байрлах зочид буудлын өрөөний загвар  бөгөөд “Concrete Architectural Associate” - ийн баг дизайныг нь гаргажээ. Дээд хэсэгт байрлах унтлаганы хэсэг рүү шатаар дамжин гарах бөгөөд өдөр нь шатыг ханаруу хурааснаар ажлын хэсэг бий болох юм. Орны хаалт, шал, ширээ, шат зэргийг цайвар шаргал өнгө бүхий модоор, хана, тавилга зэргийг хар, цагаан өнгө хослуулан бий болгожээ.
4. Зочид ирсэн ч өөрийнхөө орон зайд санаа зовох зүйлгүй амрах боломжийг олгосон куб хэлбэрийн унтлаганы хэсэг. Энэхүү загварын гол онцлог нь гэрийнхээ дуртай хэсэгт тавьж, хөдөлгөж, зөөх боломжтой юм.

5. Энэ загвар мөн л өөрийн гэсэн онцлогтой. Унтлаганы хэсэг нь дүүжлүүр орыг санагдуулам бөгөөд дээр нь байрлах цонхоор тэнгэрийн уудам, шөнийн оддын сайхныг харан хэвтэх боломжтой. Лондонд байрлах модерн загварын энэхүү өрөөг энэ жилийн чиг хандлага болоод байгаа олон үйлдэлт бүхий оффисын тавилгатай байхаар зохион байгуулсан байна. Мөн гал тогооны хэсгийг чөлөөтэй, олон хүн сууж болохоор бий болгосон нь зочид, найз нөхөдтэйгээ хамт суух орчныг бүрдүүлсэн байна.

6. 36 м2 талбайг ухаалгаар тохижуулсан энэхүү шийдлийг “MKCA” багын дизайнерууд гаргасан байна. Шийдлийн онцлог нь унтлаганы хэсгийг хурааснаар зочны өрөө бий болох юм. Зурагтыг дундын хананд байрлуулж, 180 градус эргэхээр шийдсэн нь аль ч хэсэгт үзэх боломжийг олгож байна. Унтлаганы өрөө, зочны хэсэг, гал тогоо, ажлын хэсэг гэх мэт бүхий л хэрэгцээт хэсгийг ухаалгаар шийдсэн. Мөн нууц шүүгээний хэсгийг оновчтой шийдэж,  олон төрлийн хувцасны багтаамжтай байх юм.

7. 24 м2 байрны гал тогооны хэсгийг багтаамжтай байхаар зохион байгуулсан энэхүү загварыг Австралийн архитектор Николас Герней гаргасан байна. Ширээ нь дугуйтай учир гал тогооны стенкний нэг хэсэг болгон хураах, дуртай газраа байршуулан ашиглах боломжтой. Мөн таазны хоосон орон зайг ашиглан олон зүйлсийг багтааж болохыг харуулсан байна.

8. Гаднаас нь харахад шүүгээ мэт харагдах энэхүү хэсэгт унтлаганы ор, гал тогооны ширээ, ажлын хэсэг, угаалгын өрөө гэх мэт олон зүйлсийг багтаан шийджээ.
9. Унтлаганы орыг дээр байрлуулж, шилэн хаалтаар унахаас хамгаалж өгсөн бөгөөд доод хэсэгт галт тогооны өрөөний зохион байгуулалтыг ухаалгаар шийдсэн. Энэхүү шийдэлд гэрлийн тусгал чухал нөлөөтэй бөгөөд цайвар шаргал өнгийг цагаан өнгөтэй хослуулжээ.

10. Зочны өрөө, унтлаганы хэсгийг тусгаарлаж өгсөн бөгөөд тус ханандаа 180 градус эргэх боломжтойгоор зурагтаа тогтоож өгсөн. Тусгаарлагч ханыг ямар ч загвараар өөрчилж болох юм. Жишээ нь Номын сан, сувинерын тавиур, зурагтын стенк гэх мэт.

11. А хэлбэрийн байшингийн дээвэр буюу мансардыг ухаалаг ашиглах энэхүү шийдлийг “Batiik Studio “ - ийн гаргасан зохион байгуулалт юм. Унтлаганы орыг хураагаад гал тогооны хэсгийг бий болгож байгааг зурган дээр үзүүлсэн байна. Гал тогооны хэсгийн эсрэг талын буланд ариун цэврийн өрөө, ажлын хэсэг байхаар төлөвлөжээ.

12. Гал тогооны хэсгийг унтлаганы хэсэгтэй хослуулсан байна. Гэрэл багатай орон сууцанд цагаан өнгийг давуу ашиглаад тохирсон гэрэлтүүлгийг өгөх нь чухал гэдгийг онцлон хэлжээ.

Эх сурвалж: Барилга.мн