“Байгалийн түүхийн музей“ Орчин үеийн техник технологиор үзмэрүүдээ дэлгэнэ.

Засгийн газрын дөрөвдүгээр сарын 10-ны хуралдаанаар Байгалийн түүхийн музейн барилгын ажлыг яаравчлуулах шийдвэр гарсан.

Хуралдааны дараа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг "Үндэсний хэмжээний их театр, томоохон музейтэй болох асуудлыг Засгийн газраас яаралтай эхлүүлэх шийдвэр гаргалаа. Ерөнхий сайд газар, зураг төсөл, хөрөнгө оруулалтын асуудлыг цогцоор нь судлах захирамж гаргасан" хэмээн мэдэгдсэн юм. 

 

Олон улсын музейн чиг хандлага техник технологийн шийдлүүдийг ашиглаж музейд зочлогсдод интерактив үзмэрүүдээ толилуулдаг болжээ.

Иймд цаг үетэйгээ хэрхэн хөл нийлүүлэн алхаж, үзмэрүүдээ дэглэж, хүүхэд багачууд төдийгүй музейд ирсэн хүн бүрийн сонирхлыг татах тал дээр ямар төлөвлөгөөтэй байгаа талаар Н.Зоригтбаатар захиралтай ярилцсан юм.

“Бидэнд Солонгосын музейнүүд их тусалдаг. Солонгосын хамгийн том музейтэй маш сайхан ах дүүгийн харилцаатай. Тэд хамгийн орчин үеийн техник технологийг нэвтрүүлж, дэлхийд тэргүүлж байна. Солонгосчууд соёлоо хамгаалах чиглэлд Америк, Хятадаас давсан гэж үздэг.

Солонгосын талаар музейгээ бариулъя гэж ярьж байх үед музейн дэглэлтийг тэд орчин үеийн техник технологиор хийж өгье гэж хэлж байсан. Биднийг өөрсдөө барилгаа барьсан ч дэглэлт хийхэд тусалж, техник технологиор тусалъя гэсэн. Тиймээс хамгийн сүүлийн үеийн байдлаар үзмэрээ дэглүүлье гэсэн бодолтой байна” гэсэн юм.

МОНГОЛ ОРНЫ БАЙГАЛИЙН ГАЙХАМШГУУДЫГ ХАРУУЛСАН МАКЕТУУД ТАВЬСНААР ТУХАЙН ГАЗРУУДЫН ТАЛААРХ ХҮҮХДҮҮДИЙН МЭДЛЭГ НЭМЭГДЭХ БОЛНО

Одоогоор Байгалийн түүхийн музейд зургаагаас долоон төрлийн үзмэр хадгалагдаж байна. Тухайлбал, ургамал, шавж, палеонтологи, усны амьтад болон хоёр нутагтан, хүүхдүүдийн хамгийн их сонирхдог ан амьтад, геологи гэсэн төрлүүдтэй юм.

Эдгээрт нэмээд шинэ төрөл зүйлийн үзмэрүүд нэмэхээр тооцоолж байгаа аж.

Тодруулбал, Байгалийн түүхийн музей уламжлалт мал аж ахуйн үзмэр муутай учраас энэ талын үзмэрүүдийг нэмэх төлөвлөгөөтэй юм байна. Жишээ нь, таван хошуу малыг нас насаар нь хэрхэн нэрлэдэг, малынхаа үр шимийг хэрхэн хүртдэг тухай гээд нүүдэлчин ардын соёл уламжлалаас хүүхэд багачуудад сонирхуулах аж.

Мөн дэлхийд байгалийн баялгаараа дээгүүр ордог улс хэрнээ аль ч музейд нь “Оюутолгой”, “Тавантолгой”, “Эрдэнэт” зэрэг дэлхийн хэмжээнд танигдсан уул уурхайн үйлдвэрүүдийг харуулсан эскиз загвар байдаггүй учраас ийм үзмэртэй болгох бодолтой байгаа ажээ. 

Ингэснээр хүмүүст тухайн үйлдвэрүүдэд далд болон ил уурхай хэрхэн ажилладаг, ямар шат дамжлагатай байдаг, ямар олон хүний хүч хөдөлмөр шингэж байж тухайн бүтээгдэхүүнийг гарган авдаг талаар бүхий л мэдлэг, ойлголтыг өгөх зорилготой ажээ. 

Ийм  төрлийн үзмэрийг тухайн үйлдвэртэй хамтран хийх боломжтой байдаг гэнэ. 

Мөн Орхоны хүрхрээ, Хөвсгөл нуур, Увс нуур, Дорнодын Мэнэнгийн тал зэрэг Монгол орны байгалийн гайхамшгуудыг харуулсан макетуудыг тавихаар төлөвлөсөн байна. Тэгэхээр хүүхдүүд эдгээр газруудын талаар очиж үзээгүй байсан ч ерөнхий ойлголттой болно гэж үзэж байгаа юм.