Монголын анхны өвлийн спортын ордон 16 сарын дараа ашиглалтад орно

Монголд анх удаа дэлхийн стандартын "Мөсөн өргөө" ордны шав тавих ёслол боллоо.

"Мөсөн өргөө" нь Буянт-Ухаа-2 хорооллын замын эсрэг талд Шинэ яармаг хороололд баригдах юм.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр Хан-Уул дүүргийн VIII хороонд баригдаж буй өвлийн спортын “Мөсөн ордон”-ы шав тавих ёслолын арга хэмжээнд оролцлоо.

Шав тавих ёслолын эхэнд бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж буй “Степпа Арена” компанийн удирдлагууд өвлийн спортын ордныг 16 сарын дотор ашиглалтад оруулахаар эрчимтэй ажиллана гэсэн бөгөөд байгууламжтай холбоотой зарим мэдээллийг өгсөн юм. Энэхүү "Мөсөн өргөө"г үдэсний томоохон компаниуд болох МАК, "Ачит Ихт" зэрэг компаниудын оролцоотойгоор байгуулах гэж байгаа билээ. 

Энэхүү “Мөсөн өргөө” ордон нь:

  • Хоккей, уран гулгалт, шорт трейкийн тэмцээн уралдаанаас гадна сагсан бөмбөг, гар бөмбөг, уран сайхны гимнастик, бокс зэрэг багийн болон ганцаарчилсан спортын төрлүүд
  • Мөн соёл, урлагийн тоглолт, экспо, хурал зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээ зохион байгуулах боломжтой.
  • 5700 м.кв ашиглалтын талбайтай,
  • 2,600 хүртэлх үзэгчийн суудалтай,
  • Олон Улсын Олимпын хорооны стандарт хэмжээс болох 60м-30м мөсөн гулгуурын талбайтай,
  • Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан зам, талбайтай
  • Хойд америк, Европын орнуудад өргөн ашиглаж буй мөсөн талбайн зориулалтын хөргөлтийн төхөөрөмж, агаар сэлгэлтийн системтэй,
  • Танхим тасалгаа, мөсөн гулгуурын талбайг спортын бусад төрлийн уралдаан тэмцээн, соёл урлагийн арга хэмжээ, тоглолтод зориулан хөрвөн өөрчлөх боломжтой байхаар төлөвлөжээ.

Монголын үе үеийн хүүхэд залуусын хүсэл мөрөөдөл болсон тус ордны газар шороо, суурийн ажил ийнхүү албан ёсоор өнөөдөр эхэллээ.

Барилга угсралтын ажил 2020 оны долоодугаар сард дуусах ба мөн оны наймдугаар сарын эхээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Улаанбаатар хотноо зохион байгуулагдах “Азийн хүүхдүүд” олон улсын хүүхдийн спортын их наадмын уран сайхны гимнастик, ширээний теннис, таэквондогийн тэмцээнийг тус ордонд  зохион байгуулахаар төлөвлөжээ. 

Нээлтийн ёслолд зориулж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэллээ. Тэрбээр "Мөсөн өргөөг барих шийдвэр гаргасан үндэсний компаниуддаа баярлалаа.  

2020 онд Монгол Улсад Азийн хүүхдийн наадам зохион байгуулагдана. Мөн 2023 онд Азийн залуучуудын наадмыг Монголд зохион байгуулахаар төлөвлөж байгаа. “Мөсөн өргөө” бол энэ бүх олон улсын наадмын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж байгаа юм.  

Энд мөн 50 м-ийн урттай усан бассейн байгуулагдана. Мөн 10 мянган хүний суудалтай хөл бөмбөгийн  талбай байгуулагдана” гэлээ. 

Эх  сурвалж: Ikon.mn