Шинэ нисэх буудал наадмын өмнө ашиглалтад орно

   Ерөнхий сайд У.Хүрэлсүх танхимын гишүүдийнхээ хамтаар Төв аймгийн Хөшигийн хөндийд баригдаж буй Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх буудлын бүтээн байгуулалтын ажлын явцтай танилцаж, холбогдох албан тушаалтнуудад зарим үүрэг даалгаврыг өгсөн байна. 
       Төслийн барилга угсралтын ажлын гэрээний нийт дүн 49,5 тэрбум иен, нэмэлт ажлын өртөг 5,9 тэрбум иен бөгөөд 23 барилга байгууламж, 9 тоног төхөөрөмж нийт 32 ажлыг захиалагч талд хүлээлгэн өгөх үүрэг хүлээснээс хүлээж авах ажил 98,9 хувьтай байгаа аж.

  Захиргааны барилга, аэродромын засвар үйлчилгээний цэг, Ачаа шуудан тээврийн үйлчилгээний нийт гурван барилгыг хариуцан гүйцэтгэгч компаниудаар бариулж буй бөгөөд гүйцэтгэл 90 хувьтай юм байна. Катерингийн барилга байгууламжийг концессийн гэрээгээр барихаар Засгийн газраас шийдвэрлэж, хэлэлцээрүүдийг хийж эхэлжээ. Мөн нисэх буудал хүртэлх хурдны замын ажлын явц 86 хувьтай, ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа аж. 
  2 талын хэлэлцээр ёсоор шинэ нисэх буудал ирэх оны долдугаар сард ашиглалтад орвол Монгол Улс жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадалтай 98 хувийн нисэх буудлын ашиглалттай, 54.000мкв талбайтай 6 хүзүүвч бүхий зорчигч үйлчилгээний төвтэй зургаан эгнээ бүхий хурдны замаар Улаанбаатар хотын төвтэй холбогдсон орчин үеийн олон улсын стандартад нийцсэн нисэх буудалтай болох юм.