“Байгаль руу буцах” буюу экологийн, эрчим хүчний төгс хэмнэлттэй хот бүтээхээр ажиллаж байна

   Хятадын Засгийн газар хотуудынхаа төлөвлөлт, архитектурын хөгжлийн ирээдүйн чиг хандлагад ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа бөгөөд зорилтот хот болгондоо тухайн нөхцөл байдалд нь тохирсон, алсын хараатай төлөвлөлтүүдийг дэлхийн олон шилдэг архитекторууд, хот төлөвлөлтийн мэргэжилтнүүдээр хийлгэж байна. Гэхдээ хамгийн чухал нь Засгийн газар хотуудынхаа ирээдүйн зорилтыг тодорхойлсны дараа үе шаттайгаар хэрэгжүүлэх төлөвлөгөө боловсруулж, гарсан үр дүнгээс нь  хотуудын ирээдүйн архитектур төлөвлөлтөнд тавигдах шаардлагуудыг гаргаж байна. Тухайлбал, Ченгдү хот нь тавигдах шаардлага өндөртэй хотуудын нэг бөгөөд тухайлбал хот төлөвлөлт, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө болон  бүх төрлийн барилга барихдаа дараахь стандартыг заавал мөрддөг байна. Үүнд:
 

  • “Агуу их хот“-ын үндэс нь тухайн хотод ажиллаж, амьдарч буй Иргэд юм.
  • Хятадын уламжлалт архитектурын чиг хандлагыг хадгалсан байх, санаа авсан байх
  • Ирээдүйн үнэ цэнэтэй хот магадгүй “Байгаль руу буцах” буюу цэвэр тогтвортой, экологийн, эрчим хүчний төгс хэмнэлттэй хот бүтээх шийдэл
  • Яг одоо ургаж байгаа болон ургасан нэг ширхэг ч модыг тасдахгүй, байгаагаар нь ургуулах, хадгалж авч үлдэх. Хотын газрын зураг дээр бүх модыг ургаж буй байршил дээр нь нэр төрлөөр нь ангилж баримтжуулсан байх
  • Тухайн барилга төлөвлөж буй хотод шаардлагатай тохиолдолд орон нутгийн барилгын материалыг заавал оролцуулсан байх
  • Хэт уламжлалт, туйлширсан төлөвлөлтийг халж, шинэ цагийн төлөвлөлтийг хууль дүрэм, стандартын дагуу хийж бүтээх
  • Хотыг аль болох иргэн байгаль гэсэн харилцаа холбоо, уялдаатайгаар төлөвлөх
  • Олон нийтийн талбай, орон зай руу илүү анхаарч төлөвлөх,
  • Гайхамшигтай архитектурыг бүтээхээс илүү  гайхамшигтай орон зайг бүтээхэд анхаарах
  • Аль ч цаг үед хэрэгцээтэй байх барилга төлөвлөх
  • Олон нийтийн коридор буюу гудамжуудыг тасралтгүй үргэлжлүүлэн төлөвлөх, ямар нэгэн байдлаар блоклохгүй байх
  • Орчин үеийн ухаалаг технологиудыг хэрэглэх
  • Ирээдүйн “Ухаалаг хот"-“Smart City” руу аль болох хурдацтайгаар шилжих 

Эдгээр шаардлагууд нь  Хятадын хот төлөвлөлтийн экспертүүдээс яг одоо өгч буй зөвлөгөө бөгөөд хэрвээ барилга төлөвлөж байгаа бол дэлхийн алдартай архитектор байсан хамаагүй дээрх шалгуурууд болон стандартуудыг ягштал мөрдөж ажиллах ёстой. Эндээс харахад дэлхийн хамгийн их хүн амтай Хятад улсын хот төлөвлөлт нь байгальдаа хандсан, байгалийнхаа нөөцөд тулгуурлаад “Ухаалаг хот”, “Байгальд тулгуурласан хот”, “Иргэдийн амьдрах тав тухтай орчин” зэргийг бүрдүүлэхийн тулд эрчимтэй ажиллаж байна. Харин бид хэрхэн ажиллаж байна вэ?