“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр“-ийн хэрэгжилт 60.9 хувьтай байгаа тул ЭРЧИМЖҮҮЛНЭ“

УИХ-ын ээлжит чуулганд Ерөнхий сайд У.Хүрэлсүх "Эдийн засгийг сэргээх хөтөлбөр"-ийн талаар үг хэллээ. Шинэ Засгийн газрын дүгнэснээр хөтөлбөрийн хэрэгжилт 60.9 хувьтай байгаа аж.

Тэрбээр хэлсэн үгэндээ "“Эдийн засгийг сэргээх хөтөлбөр” болон ОУВС-тай хамтран хэрэгжүүлж байгаа хөтөлбөр, гадаад зах зээлийн таатай нөлөөгөөр эдийн засагт эерэг хандлага ажиглагдаж байгаа боловч эдийн засаг, нийгэмд томоохон нөлөө үзүүлэх эдийн засгийг эрчимжүүлэх зарим төсөл, арга хэмжээний биелэлт хангалтгүй түвшинд байна" гэдгийг онцлов. 

Мөн тэдгээр төслийн санхүүжилтийн эх үүсвэрийг яаралтай шийдвэрлэх, холбогдох гэрээ, хэлцлүүдийн явцыг түргэсгэх, хэрэгжилтийг эрчимжүүлэх чиглэлээр шуурхай ажиллаж, хэрэгжилтийн тайланг хийгдсэн ажлын гүйцэтгэлд суурилан бодитой, нарийвчлан тайлагнах шаардлагатай гэсэн юм. Энэ ажлын хүрээнд уул уурхай, хөдөө аж ахуй, зам тээвэр, эрчим хүч гэсэн ДӨРВӨН салбарт хэрэгжиж чадаагүй, дутуу байгаа ажлуудыг нэрлэлээ. 

Мөн цаашид улс орныхоо эдийн засгийг тогтворжуулан, тогтвортой өсөлтийн замд оруулахад Засгийн газар улам их хүчин чармайлт тавин ажиллах болно гэдгээ мэдэгдэв.