600 сая ам.долларын “Хуралдай” бонд гаргана

-“Хуралдай” бондын 76 хувийг АНУ-ийн хөрөнгө оруулагчид, 18 хувийн Европын хөрөнгө оруулагчид, зургаан хувийг Азийн хөрөнгө оруулагчид бүрдүүлжээ-

Энэ сарын 21-ны өдөр Монголын Засгийн газар 580 сая ам.долларыг өрөө төлөх ёстой. Хэрэв төлж чадахгүй бол Монгол дэлхийд дефолт зарлахад хүрнэ. Тиймээс энэ өрийг наашаа харж инээж, цаашаа харж уйлж байгаад төлөх хэрэгтэй болж байна.

Монгол Улс олон улсын хөрөнгийн зах зээлээс босгосон 580 сая ам.долларын өрөө төлж чадах уу. Зээлдэгчид ч, хөрөнгө оруулагчид ч, бусад улс орнууд, мөн монголчууд өөрсдөө ч үүнийг анхааралтайгаар ажиглаж байна.

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр”-т хамрагдах хэлэлцээр хийсний дараа Сангийн яамны ажлын хэсгийнхэн хөрөнгийн бирж хөгжсөн бүс нутагт ажилласны дүнд сар шинийн баярын өмнө “Хуралдай” бонд гаргахаар болсон гэх шинэ мэдээлэл цацагдсан билээ. Засгийн газраас бондын хүүг 5,75 хувь байхаар санал тавьсан ч хөрөнгө оруулагчдын зүгээс хүлээн зөвшөөрөөгүй. Тиймээс “Хуралдай” бондын хүү 8,75 хувь байх шийдвэрийг Засгийн газарт тулгасан. Бондын хүү 8,75 болсноор өмнөх бондын хүүгээс гурван пунктээр өссөн ч одоогийн нөхцөлд Засгийн газар хүүг хүлээн зөвшөөрөхөөс өөр гарц үлдсэнгүй.

Хөгжлийн банкнаас гаргасан 580 сая ам.долларын бондыг Засгийн газрын “Хуралдай” бондоор солих санал Монгол Улсын Засгийн газар Евробонд эзэмшигчдэд тавьжээ. 

Евробонд эзэмшигчид өнгөрсөн долоо хоногт шийдвэрээ гаргаж, долоо жилийн хугацаатай 8,75 хувийн хүүтэй 475 сая ам.долларын бондоор солихыг дэмжсэн байна.