Б.Алтанцэцэг: Эдийн засаг сэргэх хүлээлттэй байна

-Хэрэглэгчийн итгэлийн индекст хамгийн сүүлд ямар өөрчлөлт гарсан бэ. Иргэд эдийн засгийн байдлыг ойрын хагас жилд хэр өөдрөг харж байна вэ?

-Хувийн хэрэглээний зардал дотоодын нийт бүтээгдэхүүний хамгийн том бүрэлдэхүүн хэсэг байдаг. Бүтээгдэхүүн, үйлчилгээний зах зээлийн хамгийн том худалдан авагч нь монголын нийт өрхүүд. Албан ёсны статистик үзүүлэлтээр өрхийн хэрэглээ нь дотоодын нийт бүтээгдэхүүний 60 орчим хувийг эзэлж байна. Өрхүүдээс авдаг хэрэглэгчийн итгэлийн индекс нь 2016 оны дөрөвдүгээр улирлын байдлаар 78.4 болсон байна. Энэ нь 2015 оны мөн үетэй харьцуулахад 15.5 хувиар өссөн дүнтэй гарлаа. Итгэлийн индексийн энэ өөрчлөлтөд судалгааны бүрэлдэхүүн хэсэг болох хүлээлтийн индексийн эрс өсөлт нөлөөлсөн. Иргэдийн дунд оны эхний хагаст эдийн засгийн байдал сэргэж, нөхцөл байдал сайжирна гэсэн хүлээлт давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, ирээдүйд эдийн засагт гарах өөрчлөлтийг илүү эерэг гэж өрхүүд дүгнэлээ.

-Өрхүүд эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж байна вэ?

-Иргэд эдийн засгийн өнөөгийн байдлыг хэрхэн үнэлж дүгнэж байгааг өнөөгийн байдлын индекс илтгэдэг. Уг индекс жилийн хугацаанд 10.3 нэгжээр буурч 22.3 болсон. Өнөөгийн байдлын индексийн бууралтад бизнесийн орчны нөхцөл байдал тааруу, ажлын олдоц муудсан нь нөлөөлсөн.

-Иргэдийн худалдан авалтын төлөвлөгөөнд томоохон өөрчлөлт гарсан уу. Ойрын хугацаанд хандлага хаашаа чиглэж байна вэ?

-Өрхүүдээс ирэх зургаан сарын хугацаанд орон сууц, газар, гэр зэрэг үл хөдлөх хөрөнгө, автомашин, цахилгаан бараа болон аялал жуулчлалын үйлчилгээ худалдан авахаар төлөвлөж буй эсэх, талаар мэдээлэл авдаг. Өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар энэ оны эхний хагаст худалдан авалтын хандлага 2015 онтой харьцуулахад эерэг гарсан. Энэ нь хандлага нааштай байна гэсэн үг. Иргэд өмнө нь худалдан авалтаа танах чигтэй байсан бол ойрын зургаан сард худалдан авалтаа тэлэх хандлага ажиглагдаж байна. Ялангуяа, томоохон эд хогшил худалдан авах сонирхол нь нэмэгдсэн. Удаан эдэлгээтэй бараа, бүтээгдэхүүн худалдан авалтын буурах хандлага эсрэгээрээ эргэсэн.

-Манай улсын эдийн засаг өнгөрсөн онд 1.1 хувиар өссөн. Энэ нь Азийн хөгжлийн банк болон Дэлхийн банкны таамгаас харьцангуй өндөр дүнтэй гарсан. Иргэдийн хүлээлт эдийн засгийн өсөлттэй шууд хамааралтай юу?

-Өрхүүд өөдрөг байх үе буюу хэрэглэгчийн итгэлийн индекс 100-гаас өндөр байхад дотоодын нийт бүтээгдэхүүний улирлын дундаж өсөлт 13 хувь байсан бол хэрэглэгчид гутранги байх үе буюу дээрх индексийн утга 100-гаас бага байхад дундаж өсөлт дөрвөн хувь байна. Хэрэглэгчийн итгэлийн индексийн төлөв, хандлага эдийн засгийн өсөлт, бууралттай байнгын хамааралтай байж ирсэн. Итгэлийн индекс 2016 оны дөрөвдүгээр улирлаас сэргэж эхэлсэн. Хэрэглэгчийн өөдрөг байдал нэмэгдэж байна. Иргэдийн худалдан авалтын төлөвлөгөөнд нааштай өөрчлөлт гарч байгааг эхэнд тэмдэглэсэн. Чигийн хувьд өсөлт уруудах бус дээшилж байгаа.

-Монгол Улс Олон улсын валютын сангийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр"-т хамрагдахаар болж байна. Таны хувьд хөтөлбөрт хамрагдах нь нэн шаардлагатай гэж үзэж байна уу?

-Өнөөдөр тулгамдаж буй асуудлаа шийдэх нэг гарц нь ОУВС-гийн "Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр" болж байна. Уг хөтөлбөрт хамрагдсанаар өртэй холбоотой хүндрэлд нааштай нөлөө гарахаар байгаа. Богино хугацаанд эдийн засгийн одоогийн байдлыг сайжруулахад хөтөлбөр ашиг тусаа өгөх нь дамжиггүй. Гэхдээ ОУВС-гийн хөтөлбөр нь хүндрэл, хямралаас манай улсын эдийн засаг нэг мөр гаргачих хэмжээний үр нөлөөг авчрах боломжгүй. Зөвхөн нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх, бодлогын алдааг засахад илүү ач холбогдол нь оршиж байгаа. Тиймээс хөтөлбөрт хэт найдах нь өрөөсгөл. Олон жилийн макро эдийн засгийн бодлогын гажуудал өнөөдөр дахин ОУВС-д хандахад хүргэсэн. Бид үүссэн нөхцөл байдлаа сайтар үнэлж, алдаанаасаа сургамж авч, суралцаж чадахгүй байна.