Обойг сонгоход анхаарах зүйлс

Хана цааслах ажил нь заслын үндсэн ажил ба үүнтэй уялдан түүний төрөл, зориулалт, наах аргачлал боловсронгуй болсоор байна. Ханын цаас буюу обойг ашиглалтын шинж чанараар нь ердийн, чийгэнд тэсвэртэй, угаадаг, дуу шингээдэг, дулаан тусгаарладаг, галд тэсвэртэй гэж ангилдаг.
Сүүлийн үед нийлмэл материалаар хийсэн угаадаг болон шилэн хөвөн обой цааснуудыг түгээмэл хэрэглэж байгаа ба эдгээр цаасуудыг ердийн обой цаас наахтай адил гүйцэтгэх ба савантай бүлээн усаар угаах, тосон будаг болон эмульсэн будгаар 2-3 үеэр будах боломжтой байдаг. Ус чийг тэсвэрлэдэг цаасны ашиглалтын хугацаа 6-10 жил байдаг бол энгийн цаасных 3-4 жил байдаг.
Обойг наахаас өмнө боодлын тоог зөв тооцож гаргах шаардлагатай, Ихэнх обойны хэмжээ ойролцоо ба өргөн нь 0,52-0,56м, урт нь 10-10,5м байна. Энэ нь ойролцоогоор 5м2 талбайг наана. Өрөө тасалгааны нийт уртыг өндрөөр нь үржүүлж 5-д хуваахад хэрэгцээтэй обойны тоо гарна. Шилэн хөвөн обой нь 1м-н өргөнтэй, 5м-ийн урттай байх ба удаан эдэлгээтэй, эмульсэн будгаар будаж болох ба засварын үед будгийг угааж сэргээж будаж болно. Нэг боодол шилэн хөвөн обойгоор 50м2 талбайг бурэх боломжтой. Харин зарим обой 1,2м хүртэл өргөнтэй, 30м хүртэл урттай байна. Металл обой 0,6м өргөнтэй, 3м урттай байна. Тусгай зориулалтын чулуун обой /гранит/ керамик шаазан обой нь 0,91м өргөнтэй, 5,5м урттай байна.

Обойг сонгоход дараах зүйлийг анхаарахад илүүдэхгүй

- Намхан таазтай өрөө тасалгааг өндөр харагдуулахын тулд босоо судалтайг сонговол тохиромжтой.
- Ханыг өргөн харагдуулахын тулд хөндлөн өргөн судал, хээтэй нь тохиромжтой.
- Цэцгэн хээтэй ханын цаас авахаар шийдсэн бол аль болох жижиг дүрс, чимэглэлтэйг нь сонгоорой.
- Өндөр таазтай бол том зурагтай тод обой тохиромжтой.
- Байгалийн зураг бүхий өнгөлөг ханын цаас өрөөний зайг нэмж илүү цэлгэр харагдуулдаг онцлогтой

- Үзэмжтэй зураг бүхий ханын цаасыг жаазлан ашиглах, зүсч хэлбэр оруулан наах гэхчлэн олон сонирхолтой шийдэл байдаг 

- Засвар байнга хийдэг бол нэг үет хуулахад амар обойг сонгоорой.

- Өрөө тасалгааны байрлал, хэмжээ, зориулалтаас нь хамаарч обойны өнгө, төрлийг сонгох хэрэгтэй.
- Ханан дээр уран зураг, чимэглэл, хивс өлгөхөөр төлөвлөж байгаа бол тэдгээрийн дор жижиг хээтэй гөлгөр ханын цаас байх ёстой.
- Обой дотроосоо гэрэлтдэг боодолтой, хаяг шошготой байх нь тохиромжтой ба шошгон дээр бичсэн хэмжээ, кодыг сайн харж ижил кодтой обойг худалдаж авах
- Үүдний өрөөний обой нь гэмтэхдээ амархан байдаг, иймд зузаан угаадаг обой  зохимжтой.
- Хүүхдийн өрөөнд нэгэн жигд өнгийн обой уйтгартай, насанд нь тохирсон цэцэг навч, бяцхан амьтдын дүрс бүхий обой наавал хөнгөн, зугаатай сэтгэгдэл төрүүлнэ.
- Обойны өнгийг зөв сонгох хэрэгтэй. Xанын обойны өнгөний сонголт нь өрөөний гэрэлтүүлэг, хэмжээнээс хамаарна. Цайвар дулаан өнгийн обой нь тайвшруулах үйлчилгээтэй, өрөөг томсгож харагдуулахаас гадна гэрэл гэгээ нэмдэг.

Ханын цаас нь төрөл зориулалтаасаа хамаарч цаасан, даавуун, товгортой, торгон, нэхмэл, шилэн хөвөн, шингэн обой, 3d обой зэрэг маш олон төрөл байдаг.
 1.Цаасан обой-хамгийн өргөн хэрэглэгддэг, үнэ хямдтай, хэрэглэхэд хялбар, байгальд ээлтэй боловч эдэлгээний хугацаа багатай байдаг.
 2.Даавуун обой- торгон, маалинган даавуу, хөвөн даавуун материалаар хийдэг. Цаасан обойг бодвол бат бэх сайтай боловч наахад хялбар биш. 

3. Шилэн хөвөн обой-нийлмэл материалаар хийсэн,  удаан эдэлгээтэй, угаадаг, 2-3 үеэр будах боломжтой.
4. Торгон, нэхмэл обой-Давирхай болон вискозын нэмэлттэй акрил полиэстерээс бүтдэг. Чийгэнд тэсвэртэй, галд тэсвэртэй, уян, тэгш бус гадаргууг тэгшхэн харагдуулдаг
5. Винил обой-полимер бүрхүүлтэй, тусгай зориулалтын цаас юм. Энэ обой нь усанд тэсвэртэй, угааж болдог, цэвэрлэхэд хялбар, шатдаггүй, амьсгалдаг материал юм.
6. Шилэн обой-будаж болдог, уур тэсвэрлэлт сайтай, ус чийгэнд тэсвэртэй, удаан эдэлгээтэй, галд тэсвэртэй, хуулахад хялбар биш
7. Шингэн обой- Байгалийн гаралтай хөвөн буюу нийлэг мяндас, сайн чанарын будагч цавууны хуурай холимог нэгдэн шингэн ханын цаасыг бүтээдэг. Хананд түрхэхэд бэлэн гялгар уутанд савласан ханын материал ба холимогийг саванд хийгээд дээрээс нь тодорхой харьцаагаар ус хийнэ.
8. 3D обой- өргөн хэмжээт гоёмсог, сонирхолтой бодит мэт зурагтай, сайн
чанарын материалаар хийгдсэн обой 

Обойн шинж чанар, наах зааврын тэмдэглэгээг хавсаргалаа.

Эх сурвалж: Барилга.мн