Интерьерт байгалийн материал ашиглах нь

                    Интерьер дэх чиг хандлага жил ирэх тусам хувьсан шинэчлэгдэж бидний мэдэхгүй нэр томьёо, материал, өнгөний сонголтууд бий болсоор байна. Түүнийг дагаад хүмүүс бид ч орчин үеийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхахыг зорьж, хүсэж тэмүүлдэг болсон. Гэхдээ  хүмүүн бидний хувьд амьдарч буй орчин, нөхцөлөөсөө тав тухыг мэдэрч баяр баясал, эерэг мэдрэмж авах хамгийн гол зүйл. Ингэж чадвал сая илvv бүтээлч, илүү аз жаргалтай,  амьдарч чаддаг. Ийм учраас сүүлийн үед байгальд ээлтэй чиг хандлагыг дагаж, интерьерт байгалийн өнгө, материалыг түлхүү ашиглах болжээ. Учир нь байгалийн материал эрүүл, эко орчинг бүрдүүлж өгөхөөс гадна ямар ч үед халуун дулаан уур амьсгал бүрдүүлдгээрээ мөн тав тухтай мэдрэмжийг өгдөгт гол учир шалтгаан оршдог юм.

Нөгөө талаар байгалийн элементүүд ямар ч тохижилт, тавилгатай зохицдог учир интерьер дизайнер, архитектурууд түүнээс татгалздаггүй.Байгалийн материал хэзээ ч чиг хандлагаас хасагддаггүй.Мод, гантиг, шавар, тэр ч бүү хэл бетон ч гэсэн таны хүссэн загварын схемд тохирч өгдгөөрөө онцлогтой. Хамгийн гайхалтай нь байгалийн материалыг дангаар нь ашиглах, эсвэл хэд хэдэн зүйлийг холих эсэхээс хамааран илүү загварлаг харагддаг нь орчин үеийн интерьерийн гол шийдэл юм.
Гэртээ, албан тасалгаандаа ногоон ургамал, модон эдлэл зэрэг байгалийн бүтээгдэхүүн байрлуулах нь үргэлж байгальд байгаа мэт сэтгэгдэл төрүүлж, сэтгэл санааны хувьд эрч хүчтэй, өөдрөг байхад тусалдаг. Байгальд ээлтэй, байгалийн бүтээгдэхүүн гэдэг утгаараа ЭКО байх нь мэдээжийн хэрэг.Мод, даавуу, олс, таар, хөвөн гээд байгалийн гаралтай бүтээгдэхүүнээр хийгдсэн, байгалийн материалыг дахин боловсруулсан эд зүйлсийг амьдралдаа хэрэглэж хэвших нь өөртөө болон гэр бүлдээ оруулж буй хамгийн том хөрөнгө оруулалт төдийгүй байгалийн нөөц хэмнэхэд хувь нэмрээ оруулж буйн нэг илрэл юм. 
Байгалийн материал орсон тавилга, эд зүйлс үнэтэй байдаг. Яагаад гэвэл, тэд хэзээ ч бат, бөх байдлаа алддаггүй бөгөөд элэгдэл гэмтэл бага, эдэлгээ удаан байдаг. Хэрэв та худалдаж авсан л бол насаараа хэрэглэнэ гэдэгт эргэлзэх хэрэггүй.
 Эх Сурвалж: Barilga.mn