Гадна тохижилт тав тухтай орчин

Амины орон сууцыг гадна тохижилтыг төлөвлөж хийхдээ хүрээлэн буй орчин, байгаль цаг уурт нь тохируулан, тухайн байршлынхаа давуу талуудыг тодотгосон зураг төслөөр гүйцэтгэвэл оршин суугчдад илүү тав тухтай, стресс багатай орчныг бүрдүүлж өгдөг.

Газар зохион байгуулалт, төлөвлөлт

Төлөвлөж бодож хийсэн нь огт төлөвлөгөөгүй хийсэн зүйлээс ямагт илүү байдаг төдийгүй эдийн засгийн хувьд хэмнэлттэй байдаг. Ийм учраас юуны өмнө өөрийн байшингийн гадна тохижилтыг ямар байх талаар байшингаа барихаас  өмнө цаасан дээр буулгаж, төлөвлөх хэрэгтэй. Төлөвлөлтөнд нөлөө үзүүлэх зүйлүүд:

Газрын байршил-Таны байшин тэгш газар, мөн налуу, уул толгодын ойролцоо байж болно, үүнийг төлөвлөлтөнд анхаарах хэрэгтэй.
Эзэмшил газрын хэлбэр-Уламжлалт тэгш өнцөгт хэлбэртэй газарт төлөвлөлт хийхээс гадна гурвалжин, Г хэлбэрийн, дугуйрсан булантай ч байж болно.
Хөрсний төрөл-Хөрс олон төрөл боловч “ядуу” үржил шим муутай хөрсөнд мод зүлэг, ургамал сайн ургадаггүй тул үржил шим сайтай хөрсийг зөөж авчрах хэрэгтэй. 
Хөрсний усны түвшин-Хөрсний усны түвшингээс хамаарч  хөрсний усыг зайлуулах арга хэмжээ авах хэрэгтэй. 
Байгалийн гэрлийн тусгал-г тооцсоноор өдрийн турш нар их үзэх газарт амралтын бүсийг байршуулах нь чухал. Гадна тохижилтын төлөвлөлтөнд дараах бүсүүдийг тусгах нь зүйтэй. Үүнд, амьдрах бүс, амралтын бүс, цэцэрлэг ногоон байгууламжийн бүс, аж ахуйн бүс юм.

Төлөвлөхдөө газраа нарийн хэмжиж, зай талбайгаа тооцоолох нь зүйтэй. Ингэснээр таны хийх зүйлийн  хэмжээ гарах төдийгүй үнэ өртгийн багцаа бий болох юм. Хамгийн эхний зүйл бол эзэмшил газраа масштабаар төлөвлөх хэрэгтэй. Та мм-ийн цаасан дээр санаагаа буулган зурж болно. Жишээ нь: нэг метр - нэг эсвэл хоёр нүд байхаар төлөвлөнө. Хоёрдахь хувилбарт жижиг нарийн ширийн зүйлийг илүү нарийвчлан зурж төлөвлөгөөгөө гаргана. Төлөвлөгөөнд дараах зүйлийг зааж өгөх ёстой:

  • Гэрэл тусах талаас анхаарч төлөвлөх.
  • Одоо байгаа болон төлөвлөгдсөн барилгуудыг тусгах
  • Барилгын холбоо (сантехник, бохир, гэрэлтүүлэг)-г тооцох
  • Хаалга, зам хүртэлх зайг төлөвлөх
  • Тарих ургамлын жагсаалт гаргах
  • Ногооны талбай, цэцэрлэг төлөвлөсөн бол байрлалыг зөв сонгох
  • Хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, хашаа хашлага, бичил цөөрөм, усан оргилуур зэрэг архитектурын элементүүдийг оруулах

Төлөвлөж байгаа хэсгээ мм-ийн цаас болон картон дээр тэмдэглэхээс гадна зураг, дүрслэл, төсөөллийг ашиглан харах зорилгоор макет хийж болно. Баримлын шавар,  хөөсөнцөр, савх мод гэх мэт гарын доорх материалыг ашиглаж болно. Аль болох жинхэнэтэй нь төстэй материал хэрэглэхийг хичээх хэрэгтэй. Нарны сүүдрэвчийг савх модоор, хувийн сууц болон бусад барилга байгууламжийг пенопласт буюу картоноор, вандан сандал, цөөрөм, усан оргилуур, мод, цэцэгсийг баримлын шавраар хийнэ.

Бүх зүйлийг өөрөө тооцоолоод хийж болох ч энэ чиглэлийн мэргэжлийн зураг төслийн компанид хандаж хийлгэвэл илүү тодорхой ойлгомжтой болно. Зургийн дагуу байшингаа барьж дуусаад газрын доорхи инженерийн байгууламж, шугам сүлжээгээ хийж дууссаны дараа гадна тохижилтын ажлаа эхлэх хэрэгтэй. Үүнд: Цэвэр бохир усны шугам, цахилгааны шугам, худаг, ус зайлуулах хоолой гэх мэт орох бөгөөд ингэх нь хийсэн зүйлээ эвдэж сүйтгэхгүй байх сайн талтай. 

2. Зам талбай, гэрэлтүүлэг

Төлөвлөгөөнд бүх зүйлийг тусгасны дараа  зам тавих, гэрэлтүүлгийн системийг хийж эхлэнэ. Яагаад эдгээр хоёр өөр системийг нэгэн зэрэг төлөвлөх хэрэгтэй вэ? Зам талбай нь ихэвчлэн гэрэл тусахаар байх шаардлагатай.
Замыг төлөвлөхдөө хоёр үндсэн дүрэм байдаг. Нэгдүгээрт, хэрэв та байшиндаа хүрэх дөт замыг сонгохоор бол шулуун зам тавьдаг. Эзэмшил талбай томтой эсвэл урт, нарийн бол энэ дүрэм хамаарна. Бусад бүх тохиолдолд шулуун замаас зайлсхийх хэрэгтэй. Гадна тохижилтын бас нэг чухал элемент нь архитектурын жижиг байгууламжууд юм.  Үүнд: Сүүдрэвч, сандал, цэцгийн мандал, хашаа хашлага, бичил цөөрөм, усан оргилуур зэрэг орно. Эдгээрийг донжийг нь олоод гаднаа хийчихвэл ая тух нэмэгдэхээс гадна хашаа хорооны үзэмжинд чухал нөлөөтэй. Сүүдрэвч, сандал зэргийг цэвэр модоор хийх нь зүйтэй. Ямар ч төрлийн модоор  сүүдрэвч хийж болох ч хамгийн чухал нь сайтар хатсан мод байх хэрэгтэй. Хатаасан модоор хийсэн зүйлс хэлбэрээ алдахгүй байх сайн талтай. Гадна орчинд байх зориулалтаар хийсэн модоо өнгөлөхдөө дотор зориулалтын лак бус гадна агаарын нөлөөнд тэсвэртэй модруугаа шингэж уусдаг лазураар өнгөлөөрэй. 

Эх сурвалж: Barilga.mn