Та орон сууцандаа засвар хийх гэж байгаа бол...
Зуны дэлгэр цаг ирж хэн хүнгүй амралтаа авч цэвэр агаарт гэр бүлийнхэнтэйгээ зусландаа зугаатай өдрүүдийг өнгөрөөж байгаа байх. Гэвч наадмын маргааш намар гэдэг, эргээд хүйтэн сэрүүний улирал ирнэ, түүнээс урьтаад орон сууцандаа засвар хийхээр төлөвлөж байгаа хүмүүст зориулан засварын ажлын талаарх цуврал зөвлөгөөг хүргэж байна.
Засвараа юунаас эхлэх вэ
- Бэлтгэл ажлаас эхэлнэ, засварын ажлын хэмжээг бодож төлөвлөгөө гаргаарай. Их засвар уу, эсвэл өнгө засвар хийх үү гэдгээ шийдээрэй. Санхүүгийн боломж, цаг хугацаа, хүн хүчээ бодож нэг хоёр өрөөндөө юу, эсвэл бүх өрөө тасалгаандаа засвар хийх, сантехник цахилгааны хэрэгслээ солих эсэхээ шийдээрэй.
- Засвар хийх өрөө тасалгааныхаа план зургийг масштабаар цаасан дээр өөрийн гараар ч хамаагүй зураад үзээрэй. Үүний тулд хана, шал, тааз, цонх, хаалганы урт, өргөнийг метрээр хэмжих хэрэгтэй.
- Өрөө тасалгааныхаа интерьерийг яаж өөрчлөх талаарх чиглэлээ тодорхойлох, тусгай сэтгүүл, журнал судлах, интернэтээс хайх, найз нөхөдтэйгээ зөвлөлдөх, мэргэжлийн хүмүүсээс тусламж авах хэрэгтэй.
- Засвар хийх ажлынхаа жагсаалтыг гаргана. /Хаалга, цонхоо солих, обой сольж наах, эмульсээр будах, шалаа паркетлах гэх мэт/
- Дээрх жагсаалтын дагуу засварт орох материалын хэмжээ, үнийг бодитоор тооцох, цалинг бодохын тулд засварын ажлуудын тоо хэмжээг гаргана. Жишээ нь: Шинээр обой наах хана, паркет хийх шалныхаа талбайг тооцож гаргана.
- Орох материалын төрлүүдийг гаргаж, орцын норм, материалын үнийг судлах нь чухал. Материалын чанар, будаг, обой, шал, плитаны өнгө, хэмжээний сонголтыг сайн судлаж барилгын материалын захуудаар явж харьцуулсан судалгаа хийх хэрэгтэй. Засварын ажил эхлэх болоогүй байхад материалаа урьдчилан авч бэлтгээд хэрэггүй, хадгалах хугацаа нь дуусч, хадгалалтын нөхцлийг нь хангаагүйгээс чанар нь алдагддаг.
- Материал, багаж хэрэгслийн зардал, материалын тээврийн зардал, хэрвээ мэргэжлийн хүмүүсээр хийлгэх бол цалингийн зардал, бусад зардал /хоол, унаа/ зэрэг санхүүгийн шууд зардлуудыг тооцож таны санхүүгийн боломжинд хир нийцэхийг төлөвлөөрэй. Өөрийн хүсэл зорилгод нийцсэн засвар хийхэд төсвийн тооцоо маш чухал. Гадаргууг бэлтгэх, цэвэрлэх, хуучин будгийг хусах, обой хуулах зэрэг зарим нэг ажлыг өөрсдийн хүчээр хийвэл хэмнэлт гарна.
- Өрөө тасалгаанаас тавилга, эд хогшлоо гаргаж цэвэрлэн хоосон орон зайг үүсгэх хэрэгтэй. Зайлшгүй засвар хийх шаардлагатай тааз, шал, хананы хуучин өнгөлгөөг буулгах, хэрэв цонхоо солихоор бол цонх буулгах зэрэг бэлтгэл ажлаас эхэлнэ.
Эх сурвалж: Barilga.mn