Барилгын түүхийг өөрчилсөн 10 архитектор

Олон зууны туршид архитекторууд барилга байгууламжийн шинэлэг санааг бий болгон хүн төрөлхтөний амьдрах арга зам, хэв маягийг өөрчилсөөр ирсэн билээ. Иймээс энэ дугаартаа өөрийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй онцгой загвар дизайн, гайхалтай архитектураар барилгын салбарт хувьсгал хийж, түүхийн хуудсыг шинээр нээсэн дэлхийн хамгийн алдартай 10 архитекторын талаар танилцуулж байна.
 
1. Андреа Палладио /1508-1580/
 
Италийн архитектор Андреа Палладио нь барууны хэв маягийн архитектурыг хөгжүүлсэн дэлхийн хамгийн нөлөө бүхий архитектор юм. Түүний бүтээлүүд нь Ром, Грекийн уран барилгаас сэдэвлэсэн байдаг. Гайхалтай уран барилгуудаас гадна барилгын зураг төсөл, дизайны талаар өөрийн үзэл баримтлалаа тусган бичсэн эрдэм шинжилгээний дөрвөн томоохон бүтээл нь дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн юм. “Quattro Libri d’Architettura”,  “Vitruvio`s De Architectura” зэрэг ном нь бүх цаг үеийн архитекторын хамгийн ихээр уншигдсан номонд тооцогддог. 
Түүний 23 уран барилга Италийн Венето хотод байдаг бөгөөд “Palladian Villas of the Veneto”  нь ЮНЕСКО - гийн “Дэлхийн өв” жагсаалтанд багтсан юм. 
 
2.   Фрэнк Ллойд Райт /1867-1959/
 
АНУ-ын архитектор Фрэнк Ллойд Райт нь XX-р зууны хамгийн нөлөө бүхий, алдартай архитекторын нэг юм. Тэрээр 1000 гаруй зураг төсөл гаргаж, 530 гаруй уран барилга барьжээ.
Хүн төрөлхтөн, хүрээлэн буй орчинтойгоо нийцсэн бүтээн байгуулалтыг илүүд үздэг Фрэнк Ллойд Райт нь байгалийн шинж чанартай чөлөөт хэв маягийн бүтцийг хөгжүүлсэн. Түүний “Органик архитектур” хэмээгддэг үзэл баримтлалын хамгийн шилдэг жишээ нь 1935 онд баригдсан “Fallingwater” бөгөөд энэхүү бүтээл нь Америкийн архитектурын хамгийн шилдэг, агуу бүтээлээр нэрлэгддэг. Райтын уран барилгын хувьслын олон янз байдал нь сүм, сургууль, тэнгэр баганадсан барилга, оффис гэх мэт гайхалтай барилгуудад тусгагдсан байдаг. Тийм ч учраас АНУ-ын Архитекторуудын институтын хүрээлэнгийн "Бүх цаг үеийн хамгийн агуу архитектор" -оор нэрлэгдсэн түүхтэй.
 
3.  Мис Ван дэр Роэ /1886-1969/
 
“less is more” буюу “Энгийн тусмаа илүү” хэмээх хэлц үгээрээ алдартай Германы архитектор Мис Ван дэр Роэ архитектурыг энгийн геометрийн хэлбэрт шилжүүлж, минимализм рүү чиглүүлсэн уран барилгачин юм. Үүний зэрэгцээ барилгын харагдах байдал буюу гадна фасадын ойлголтыг бүрэн өөрчилж, өөрөөр хэлбэл шилэн фасадтай барилга барих анхны шийдлийг бий болгосон юм. Түүний уран барилгын онцлог нь рационализм болон эффектив урсгалыг шингээсэн байдаг бөгөөд үүний нэгэн тод жишээ нь “Barcelona Pavilion” юм. Уг барилгыг Испанийн Барселон хотноо болсон олон улсын үзэсгэлэнд зориулан 1929 онд барьсан бөгөөд  гантиг, судалт гартаам, италийн цагаан өнгийн шоохойн чулууг ашиглан энгийн хэрнээ үнэ цэнэтэй шийдлийг бий болгож чадсан юм. Түүний хамгийн алдартай шилэн барилга бол Нью-Йоркийн “Mies’s Seagram’s” цамхаг аж.

 4. Ле Корбюзье /1887-1965/
 
Ле Корбюзье хэмээх бичгийн нэрээрээ олны танил Шарль-Эдуард Жаннере-Гри нь орчин үеийн уран барилгын их мастер гэгддэг Францын уран барилгачин юм. Тэрээр дэлхийд алдартай архитектор төдийгүй дизайнер, зохиолч, хот төлөвлөгч, зураач хүн байв. 1914 онд цутгамал төмөр бетон ашиглан орон сууц барих "Дом-Ино" аргаа нийтэд танилцуулж, 1920 оноос "Эспри Нуво" нэртэй сэтгүүл гаргаж эхэлсэн тэр үеэс Ле Корбюзье нэрээрээ танигдсан юм. 1923 онд сэтгүүлд гаргасан материалуудаа эмхэтгэн  "Барилгын зүг" хэмээх номоо хэвлүүлснээр дэлхий дахинаа алдаршсан юм.  
Тэрээр 1922 онд Парис хотноо “3 сая хүнтэй орчин үеийн хот”, 1925 онд Парисын гудамжуудыг өндөр барилгуудаар сольж барих "Вуазен төсөл", 1930 онд "Гэрэлтэгч хот" төслүүдийг санаачлан нийтэд танилцуулсан. Энэ нь намхан жижиг байшингууд шигүү байрласнаас өндөр, эргэн тойрондоо ногоон байгууламжаар хүрээлүүлсэн байвал илүү донжтой бгөөд тохиромжтой гэсэн санаа байсан ба тухайн үедээ хэрэгжиж чадаагүй ч дараа үеийн хот зохион байгуулалтын төслүүдэд ихээхэн нөлөө үзүүлсэн юм.
Түүний 17 уран барилга ЮНЕСКО – ийн “Дэлхийн өв” жагсаалтад бичигдсэн бөгөөд энэ нь түүнийг дэлхийн орчин үеийн уран барилгын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан архитектор гэдгийг илтгэнэ.

5.  Алвар Аалто /1898-1976/
 
Аалто нь XX зууны эхэн хагаст Финляндын аж үйлдвэржилт, эдийн засгийн өсөлттэй үед карьераа эхлүүлсэн архитектор бөгөөд түүний ихэнх үйлчлүүлэгч Скандинавын орны томоохон үйлдвэрийн эзэд байжээ.
Түүнийг 1920-иод оноос дэлгэрсэн Нордик Классизм /Nordic Classicism/ урсгалын гол төлөөлөгч гэж үздэг. Гэхдээ тэрээр энэхүү урсгалын дараа функционализм чиглэлээр  ажиллах болсон бөгөөд энэ чиглэлээр барьсан түүний нэг барилга нь ОХУ-ын Выборг хотын Алвар Аалтогийн номын сан юм. Уг номын сан нь долгиолсон загвартай дээвэр, модернист загварын экстерьерээрээ алдартай. Харин түүний карьерын дунд үеийн оргил бүтээл нь Английн Массачусетс хотноо байрлах “Baker House” оюутны дотуур байр, Хельсинкийн Технологийн их сургуулийн зураг төсөл юм. Амьдралынхаа сүүл үед 4 дэх урсгал болох монументализм чиглэлээр зураг төсөл гаргаж эхэлсэн бөгөөд энэхүү урсгалын хамгийн гайхалтай барилга нь Хэльсинк хотын Финлядын концертын танхим, Германы дуурийн театр юм. Дэлхий дахинаа түүнийг дэлхийн хамгийн олон ургалч үзэл баримтлалтай архитектор гэдэг байсан.

 6.  Луйс Канн /1901-1974/
 
Луйс Канн XX зууны үеийн АНУ-ын хамгийн алдартай архитекторын нэг бөгөөд модернизм урсгалыг эртний уран барилгын хийц загвартай хослуулдгаараа онцлогтой. Тэрээр 50 нас хүртлээ өөрийн гэсэн өвөрмөц, дахин давтагдашгүй хэв маягаа бий болгож чадаагүй. Харин 70 нас хүрэхдээ орчин үеийн архитекторын хамгийн шилдгүүдийн нэг болж чадсан юм. Луйс Канны барилгууд тун өвөрмөц яг л уран зөгнөл мэт харагддаг учраас түүнийг хачин жигтэй нууцлаг, оюун санааны удирдагч хэмээн тодорхойлох нь ч бий. Нөгөө талаар түүний нууцлаг амьдрал нь “My Architect” нэртэй баримтат кино хийх сэдлийг хүүд нь төрүүлсэн бөгөөд уг кино нь 2003 онд “Academy Awards” -д нэр дэвшиж байсан түүхтэй.
Уг киноны нээлтийн үеэр АНУ-ын алдарт архитектор Филипп Жонсон түүний талаар: “Луйс Канн их чөлөөтэй сэтгэдэг, онцгой мэдрэмжтэй архитектор байсан. Энэхүү онцгой чадвар зөвхөн түүнд л заяагдсан” хэмээн ярьсан байдаг.

 7.  Оскар Рибейро Нимейер /1907-2012/
 
Оскар Рибейро Нимейер нь дэлхийн хамгийн анхны тэнгэр баганадсан барилгын зураг төслийг гаргасан архитектор бөгөөд 1943 онд баригдсан уг барилга нь Бразилийн Засгийн газрын ордон юм. Хожмоо уг барилга Бразилийн модернист урсгалын анхны жишээ болон үлдсэн түүхтэй. Мөн тэрээр Нью-Йорк дахь НҮБ - ын Удирдах зөвлөлийн барилгыг төлөвлөсөн олон улсын багийн гишүүн байсан бөгөөд түүний гаргасан гол концепци санаанууд нь барилгачдад урам зориг өгч, хөдөлгөх гол хүч нь болж байсан гэдэг.
Гэвч Бразилын Коммунист намын гишүүн байсан нь түүний АНУ-д ажиллах боломжийг хязгаарлаж, 1985 он хүртэл олон улсад өөрийн зураг төслөө хэрэгжүүлэх боломжгүй болоход хүргэжээ. Энэ хугацаанд Бразилийн шинэ нийслэл, засаг захиргааны гол, гол барилга байгууламжыг бүтээн байгуулсан. Мөн Европт байх хугацаандаа Миланы ойролцоо Францын “Коммунист намын төв байр”, “Mondadori Publishing House” оффис зэрэг хэд, хэдэн барилгын зураг төслийг гаргасан. Үүний дараа эх орондоо буцан ирж гайхамшигтай бүтэц, зохион байгуулалттай барилга байгууламж олныг барьж бүтээсэн юм. Заримаас нь дурдвал “Niterуi Contemporary Art Museum” музей,  “Catedral Militar Igreja de N. S. Paz”  сүм, “Memorial dos Povos Indigenas” музей болон бусад сонин, содон шийдэлтэй олон бүтээл бий. Түүний хамгийн сүүлчийн гайхалтай уран барилга нь Италийн Равелло дахь “Auditorium” зочид буудал юм.

8. Рензо Пиано /1937 онд төрсөн, 82 настай/
 
Италийн архитектор Рензо Пиано нь архитекторуудын дээд шагнал Нобель гэгддэг “Pritzker Architecture Prize” шагналыг 1998 онд хүртэж байсан дэлхийн хамгийн алдартай уран барилгачдын нэг юм. Тэрээр уламжлалт бус, орчин үеийн өндөр технологийн барилгын загварыг бий болгосон. Рензо Пиано нь өөрийн уран барилгын арга барил, урсгал чиглэлийн талаар Парис, Нью-Йорк, Итали зэрэг орнуудад 1981 онд танилцуулж байжээ.
Түүний алдартай уран барилгуудаас дурдвал Гэгээн Гили төв /Central Saint Giles/, “Marie Tjibaou” соёлын төв, Шинэ Каледони/New Caledonia/, “Pompidou Center Paris” зочид буудлын зэрэгцээ бусад олон бүтээл бий.

9. Рем Кoлхас /1944 онд төрсөн, 74 настай/
 
Кoлхас нь Нидерландын хамгийн нөлөө бүхий архитектор, хот төлөвлөгч, архитектурын онолч юм. 1975 онд Роттердам хотод байрлах “Metropolitan Architecture” оффисын зураг төсөл нь түүнийг алдартай болгосон түүхтэй. Тэрээр уран барилгуудаараа нэрд гарахаасаа өмнө алдартай зохиолч байсан бөгөөд түүний анхны ном нь АНУ-д  аялж байхдаа бичсэн “New York Delirious”  бүтээл юм. Харин архитекторын хувьд өндөр нэр хүндийг авчирсан анхны том төсөл нь Нидерландын бүжгийн театрын барилга. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар түүний уран барилгууд орчин үеийн болон деконструктивист загварыг хослуулсан байдаг төдийгүй заримдаа “хүмүүнлэгийн хэв маяг”-ийн хэсгээс шингээсэн байдгаараа онцлогтой. Дэлхий нийтэд танигдсан түүний гайхалтай бүтээлүүдээс дурдвал, Сиэтл хотын төв номын сан, Порто дахь “Casa da Mщsica” концертын танхим, Солонгосын Сөүл хотын Үндэсний их сургуулийн урлагийн музей, Хятадын Бээжингийн төв телевизийн байр зэрэг юм.

10.  Заха Хадид /1950-2016/
 
Дэлхийн архитекторуудын дээд шагнал болох “Pritzker Architecture Prize”-ын шагналыг анх удаа эмэгтэй уран барилгачин 2004 онд хүртэж байсан. Тэр бол Иракийн алдарт архитектор Заха Хадид юм. Түүний ихэнх барилга хурц өнцөггүй  бөгөөд зарим нь яг л хайлан урсаж буй мэт сэтгэгдэл төрүүлдгээрээ архитектурын ойлголтыг эрс өөрчилж чадсан билээ.Тэрээр Лондонд суралцсаныхаа дараа багш нарынхаа архитектурын компанид ажиллаж карьераа эхлүүлсэн түүхтэй. Улмаар 1980 онд Лондон хотноо өөрийн “Zaha Hadid” архитекторын студийг нээсэн юм. Тэрээр олон улсын хэмжээний хэд, хэдэн  архитекторын тэмцээнд ялагч болж байсан ч зарим сод бүтээлүүд нь бодит болон сүндэрлэж чадаагүй юм. “MAXXI”  Урлагийн үндэсний музей нь түүний хамгийн гайхалтай бүтээлд тооцогддог боловч дараа, дараагийн уран барилгууд нь ч алдар, нэр хүндийг түүнд авчирсан юм. Үүнээс дурдвал Испаны нийслэл дэх “Гүүрний павильон”, Австрийн нийслэл дэх “Ski Inn Jump”, “Phaeno” шинжлэх ухааны төв, Хятадын Гуанжоу хотын “Дуурийн ордон” гэх мэт олон гайхалтай бүтээлийг нэрлэж болно.  

Эх сурвалж: Barilga.mn